Thursday, June 16, 2011

Бүүвэйн дуу муу бүхнийг цаашлуулдаг увидастай аялгуу

/Гоё ярилцлага байхаар нь энд авчраад наачлаа /

Бүхнийг уяртал дуулна, бас тэрхүү сайхан дууныхаа шүлгийг бичнэ, дээрээс нь ирээдүйд өөрийнхөө халааг авах дуучин бэлтгэнэ, судалгаа шинжилгээ хийнэ гээд л нэг хүн хийж амжууламгүй олон ажлыг төвөггүйхэн хийж яваа Монгол Улсын Ардын жүжигчин Ш.Чимидцэеэтэй уулзаж ярилцлаа. Олон сайхан уртын дуугаараа монголчуудыг уярааж яваа ч Чимидцэеэ дуучинд ард түмнийх нь уярал арай дутуу санагдсан бололтой. Учир нь саяхан бүүвэйн дууны цомог гаргасан байна билээ. Бүүвэйн дууг тун сонирхолтойгоор тайлбарлах түүний яриаг уншигчдадаа хүргэе.

-Эмэгтэйчүүдийн баяр дөхөж байгаа болохоор таны бүүвэйн дууны цомгийн талаар ярилцахаар зорьж ирлээ. Яагаад зөвхөн бүүвэйн дуугаар цомог гаргах болов?
-Анх яг цомог гаргая гэж бол шийдээгүй. Ерөөсөө бүүвэйн дуу тасарснаар хүний хүмүүжил доройтож байна. Одоогийн хүмүүс ухаан муутай, юу ч хийхээс буцахгүй хатуу сэтгэлтэй болсон нь бүүвэйн дуу тасарсантай холбоотой гэж би боддог. Тийм учраас эдгээрийг бага ч гэсэн ухааруулах гэж академи дээр очиж илтгэл тавьж бас лекц уншиж явлаа. Хамгийн гол нь тэрхүү лекцийг маань сонссон хүмүүс сайхан лекц байна баяр хүргэе гээд л өнгөрөөд байсан.
Тэгэхээр нь дуучин ухаантай хүн юм болохоор бүүвэйн дууг өөрийнхөө хоолойгоор аялаж байж л түмэнд түгээх ёстой юм гэж ойлгосон. Бүүвэй гэдэг маань одоогийн хүүхнүүдийн хийгээд байгаагаас өөр л дөө. Манай ээжүүд хүүхдээ энгэртээ тэвэрчихээд сэгсчээд суудаг.Хүнийг энэ дэлхий ертөнцөд мэндэлхэд ямараар хүлээж авч байна яг тийм байдлаар хорвоог туулдаг. Хэрвээ тэр хүнийг сэгсчихгүйгээр зөөлхөн хоёр тийшээ найгаад л жинхэнэ бүүвэйлээд өсгөвөл тэр хүн өөрийнхөө амьдралыг байтугай ертөнцийг бүүвэйлж чадахаар хүн болж төлөвшинө.
Энэ хэрээрээ хань ижил үр хүүхэддээ зөөлөн хандаж чадна. Харин гараад ирэхэд нь сэгсчээд л эсвэл дээр нь толгойг нь эргэтэл тоглоом шажигнуулаад өсгөчихвөл өөрийгөө төдийгүй хажуу хавирганд байгаа хүмүүсийнхээ амар заяаг үзүүлэхгүй тийм л хүн болно. Тийм учраас би бүүвэйн дуу туйлын чухал юм гэж бодоод энэ цомгоо гаргахаар шийдсэн юм. Тэгээд ч дээр үеийн настануудын үг байдаг.
-Ямар үг?
-Хэдий олон бүүвэйлнэ төдий чинээ сайн хүн болно гэж. Миний аавын хамгийн том эгч өдгөө 100 хүрч байгаа эгч маань хүүхдийг насных нь цөвийг арилтал бүүвэйл гэж ярьдаг юм. Өөрөөр хэлбэл тухайн хүнд тохиолдох гайтай түйтэй юмыг нь тусахгүй болтол бүүвэйл гэсэн үг л дээ.
Ер нь манай ард түмэн, дээд үеийн монголчууд чинь бидэнтэй адилгүй асар их ухаантай бүр шинжлэх ухаанч хүмүүс байсан юм байна гэдгийг би бүүвэйн дуу судлах зургаа долоон жилийн хугацаанд маш сайн ойлгосон. Одоогийн шинжлэх ухаан хүнийг долоон хүрдтэй байдаг гэж нотолсон. Энэ хүрдний дээрээсээ дөрөв дэх, дороосоо дөрөв дэх нь зүрхэн дээр байна. Тэрхүү зүрхэн хүрдийг амирлангуй тайван байлгаж чадвал жинхэнэ өнгөөрөө буюу ногоон өнгөтэй байна гэж шинжлэх ухаан нотолж байгаа шүү дээ. Ногоон зүрхэн хүрд нь хүнийг амирлангуй тайван байлгах учиртай. Мөн ногоон өнгөтэй нүдний шил зүүчихээд хоол идвэл хоолны шингэц сайжирч хүнд сайнаар нөлөөлдөг гэдэг. Би яагаад ингэж яриад байна гэхээр манай дээд үеийн монголчууд үүнийг эртнээс мэддэг байж. Өөрөөр хэлбэл манай монголчууд хүүхдээ элгэндээ тэвэрнэ гэж ярьдаг.
Энэ нь зүрхэн хүрдэндээ нааж байгаа хэрэг. Ингэж наагаад хоёр тийшээ найгаж хүүхэддээ тайвшралыг өгдөг байсан байгаа юм. Ерөөсөө манай эрт үеийнхэн одоогийн тэр шинжлэх ухааны яриад байгаа дороосоо дээрээсээ дөрөв дэх хүрдийг мэддэг байсны илрэл нь энэ. Хүн болох боловсрол бол бүүвэй гэж би боддог.
Хүний эх хэлийг сүүн хэл гэдэг шүү дээ. Тэгвэл сүүн хэлнээс өмнөх хәл нь хүйн хәл. Хүүхэд хүйгээрээ ээжтэйгээ холбогддог. Ингэснээрээ анх бүүвэйн дууг сонсдог гэсэн үг. Тиймээс хүүхдээ хэвлийд байхаас нь бүүвэйлж бүүвэйгээр амьсгалуулж байх ёстой. Хэвлий дэх хүүхэд бүүвэйгээ амсч, мэдэрч, чагнаж л байгаа. Хэрвээ бүүвэйг ингэж эртнээс мэдрүүлчих юм бол тэр хүн зовлонтын энэ орчлонд ирэхдээ зовлонгүй амьдраад байх магадлалтай.
-Хүмүүс хүүхдээ бүүвэйлэхээ больсон гэж та дүгнээд байна аа даа?
-Мэдээж олны олонд хүүхдээ бүүвэйлдэг хүн байгаа л байх. Гэхдээ ихэнх нь бүүвэйлэхгүй байна. Би бүүвэйн дууг судлаад Дорнодоос Хөвсгөл хүртэл явсан. Олон ч хүнтэй уулзсан. Зургаа долоон жил бараг л үсээ бууралттал явлаа шүү дээ. Тэгж явахад хүүхдээ бүүвэйлж байгаа маш цөөн хүнтэй таарсан. Ингээд л судалгаан дээрээ тулгуурлаад хэд хэдэн янзын бүүвэйн дуутай цомог гаргахаар шийдсэн хэрэг. Мэдээж тэднийгээ орчин үетэй хослуулах үүднээсард нь хөгжим эгшиглүүлсэн.
Энэ хөгжим маань намуухан байх учиртай. Яагаад гэвэл жирэмсэн байхдаа рок хөгжим сонсож байсан хүүхнүүдийн хэдэн хувь нь ч гэдэг билээ үр зулбаж байсан гэсэн судалгаа байдаг юм билээ. Харин зөөлөн уянгалаг хөгжим сонсож байсан хүүхнүүдийн хүүхэд зүгээр хүн болчихсон гэдэг. Тэгэхээр хүнд хөгжим ямар их хэрэгтэй нь тодорхой байгаа биз дээ.
-Энэ цомгийн ард хөгжим уянгалж байсан нь ийм учиртай байж л дээ. Гэхдээ бүүвэйтэйгээ их зохицсон сайхан аялгуу байна билээ. Хэний бүтээл вэ?
-Ард нь хөгжим уянгалуулдаг нь бүтээлийн маягт оруулж байгаа гэсэн миний санаа. Хөгжмийн зохиолч Мөнхжаргал энэ аялгууг зохиосон. Тэгээд ч би эмэгтэй хүн л ийм нарийн нандин юмыг хийж чадна гэж бодон түүнд даалгасан юм. Тэр нутаг тийм уул устай, энэ ийм учиртай юм гээд л бүгдийг нь нарийн тайлбарлаж байгаад Мөнхжаргалаар ийм сайхан аялгуу бичүүлсэн.
Тэр ч бүү хэл энә нь газрын энергүүдтэй ингэж холбогдож байгаа юм гээд л өөрийнхөө мэдэж байгаа бүх юмыг хэлж өгсөн. Яахав хүмүүс амарчлаад Чимидцэеэ эгчийн бүүвэйн дууны цомгийг аваад хүүхдэдээ сонсгочихоё гэх байх л даа. Оргүйгээс охинтой дээр гэгчээр болох л юм.
Гэхдээ болж өгвөл өөрөө тэр бүүвэйг нь сураад хүүхдээ үнэн сэтгэлээсээ бүүвэйлбэл илүү сайн. Сонирхуулж хэлэхэд би том хүнийг хүртэл бүүвэйлж үзсэн. Миний бүүвэйлсэн тэр хүн олны танил хүн байсан. Даралт нь ихдээд буудаггүй. Тариа хийлгээд ч нэмэр болдоггүй. Би тэднийд очиж таарсан нь тэр. Сүүлдээ бүр аргаа бараад надаас яах вэ гэж байна. Тэгэхээр нь бүүвэйлж гарсан. Тэгсэн их сайхан амраад унтаад өгсөн.
Маргааш өглөө нь их сайхан их сайхан амарлаа, зүгээр болчихлоо гэж байсан. Тэгэхээр нь бүүвэйд бас нөлөө байгаа биз дээ. Хэн бүүвэйлэх нь хамаагүй. Гэхдээ миний бодлоор бүүвэйг ээж нь өөрөө сураад хүүгээ элгэндээ наагаад өөрийнхөө зүрх сэтгэлээс ая аялгуугаа гаргаад өөрийнхөө дуу хоолойгоор хүүхдээ бүүвэйлбэл илүү чухал гэж боддог.
-Том хүнийг бүүвэйлсэн гэнээ. Том хүн хүртэл бүүвэйн дуунаас тайвшралыг авдаг байх нь ээ? Уг нь бид хүүхдийг л бүүвэйлж унтуулдаг гэж боддог шүү дээ?
-Би анх бүүвэйн дууны талаар тийм бодолтой байгаагүй л дээ. Судалгаа хийсний хүчинд л бүүвэй нь тайвшралыг өгдөг гэж ойлгосон. Би ээжийнхээ бүүвэйг ярья л даа. Манай ээж хүүхдээ яг элгэндээ тэврээд л нэг зүгт хараад хоёр тийшээ найгаад л бүүвэйлдэг байсан. Яг нэг зүгт хараад байна уу гэтэл бас тийм биш. Хана ч хараад байгаа юм уу эсвэл хаяаны завсраар ч хараад байгаа юм уу сайн мэдэгдэхгүй. Тэрийг нь би одоо боддог юм.
Ээж минь тэр үед бясалгаад хүүхдээ бүүвэйлдэг байж дээ гэж. Тиймээс би бүүвэйг бясалгалын аялгуу гэж ойлгож байгаа. Миний ээж хүүхдээ хоёр янзаар бүүвэйлдэг байсан. Жирийн үедээ дан аялгуугаар бүүвэй гээд л уянгалуулна. Ер нь бүүвэй гэдэг нь бүү ай гэсэн үгнээс үүдэлтэй юм шүү дээ. Харин хүүхэд хөлсөөд эсвэл өвдөж урвайгаад байвал үгтэй бүүвэйгээр бүүвэйлдэг.
Тэр нь Харалдай тайжийн хүүлээ бүүлэй Хар лусын хааны ачлай бүүвэй Зэндэгээ мэргэний зээлэй бүүлэй Зэгсэн маагийн хүүлэй бүүвэй… гэсэн үгтэй. Ээж хүн үнэн сэтгэлээс үрээ хайрлан үгээр бүүвэйлбэл ямар ч муу юм цаашаа явна. Тэгээд ч энә хүүхэд чинь ийм удам судартай баатар хүний хүүхэд шүү. Энэ рүү ямар ч муу юм ойртож болохгүй гэсэн утга санаа энэ бүүвэйнд явж байгаа биз дээ.
-Таныг олуулаа өссөн гэх юм билээ. Дүү нараа бол их л бүүвэйлсэн байлгүй?
-Тэгэлгүй яахав. Би 13 хүүхэдтэй айлын дундах нь. Дороо олон дүүтэй болохоор тэднийгээ бишгүй л бүүвэйлж байлаа. Тэгээд ч олон хүүхэдтэй айл том нь багыгаа өсгөдөг жамтай хойно доо. Бид өвдөж хавдаж эцэг эхийгээ нэг их зовоож байсангүй. Ер нь их хөрвийн аргаар өссөн. Хялгасан живхтэй, арьсан манцуй, ээж, бүүвэй гурав л биднийг хүн болгосон.
Бүүвэй гэдэг бол бүхий л муу юмыг цаашлуулж чадцаг асар их увидастай аялгуу. Би түрүүнд хэлсэн дээ аавын маань эгч хөгшин өдгөө 100 хүрч байгаа хүн бий гэж. Тэр хөгшин одоо ч гэсэн унтаж байгаа хүүхдийн хажуугаар гарахдаа үргэлж бүүвэй аял гэдэг. Нөгөө түрүүнд яриад байсан цөвийг нь арилтал бүүвэйлүүлэх гэж тэр.
Цөв гэж муу юмыг хэлнэ л дээ. Тэгэхээр хүүхдээс нь үүхэд хүртэл бүүвэйлэх хэрэгтэй. Бид нар ээжийн бүүвэйг сурч дүү нараа бүүвэйлж хүн болгосон. Хожим нь хүүгээ хүртэл бүүвэйлсэн. Харин одоо хүү маань өөрийнхөө хүүхдийг бүүвэйлж байна. Энэ мэтчлэн бүүвэй үе удам дамжин өвлөдөгдөж явна даа. Биднийг бүүвэйлдэг байсан тэр үгтэй бүүвэйг ээж элэнц эмээ Пидээсээ сурсан гэхюм билээ.
-Та ачаа хэр бүүвэйлж байна?
-Анхныхаа ачийг бүүвэйлж байсан. Харин дараагийнхыг нь бараг л бүүвэйлсэнгүй. Аав ээжид нь даатгачихсан. Тэгээд ч тэднийгээ сураг гэж бодоод байгаа юм.
-Ингэхэд Чимдцэеэ дуучин хэр халамжтай эмээ вэ?
-Ээ дээ мэдэхгүй дээ. Би чинь хүүхдээ ч нэг их халамжилж байсангүй. Хоол унд болон бүүвэйгээр л таслаагүй байх. Ачаа ч гэсэн халамжлах зав үнэндээ олдохгүй байна. Ер нь хүүхдийг учиргүй бөөцийлөөд байх хэрэггүй болов уу гэж боддог. Магадгүй өөрөө тэгж өсөөгүй болохоор ингэж боддог байж болох юм. Гэхдээ бас боломж бололцоо ч гарахгүй юм. Бид чинь ямар цаг наргүй ажилтай байдаг хүмүүс.

-Зарим эмээ нар ач зээгээ буруу эрхлүүлэх гээд байдаг талтай. Таны хувьд?
-Үгүй үгүй. Би эрхлүүлээд байдаггүй. Ямар насаараа миний дэргэд байх юм биш. Тэгээд ч одоогийн хүүхдүүд ясли, цэцэрлэгээр явна. Ясли цэцэрлэгийн багш нар тэр олон хүүхдийг бүгдийг нь эрхүүлнэ гэж байхгүй. Тиймээс би зүгээр чигийг нь зааж өгдөг.

Х. Алтанцэцэг
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”

3 comments:

gerelgegee said...

oirdoooo mair zavgui blogroh sohoogui l bn gehdee udku shine shine post hiineee

Mongol said...

Ter CD-g ni avah yostoi um bna shuu. Neeree buuvein duu huuhded heregtei.Thanks

gerelgegee said...

tehhh bi ch gsn tsomgii ni avch bgaad buuvein duunuudiig ni surii gj bodjoogoo

ug ni bol ohinoo erhluuldeg ugee ay oruulaad l buuvei bolgochihdii kkkk